Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хүнсний худалдаа, эрүүл мэндийн байгууллага, харилцаа холбоо, банк зэрэг 11 чиглэлийн байгууллага халдвар хамгааллын дэглэмийн дор үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Шуурхай штабаас иргэдэд үйлчилж буй хүнсний худалдаа, эмийн сан, банкны салбарт иргэд, үйлчлүүлэгчид, ажиллагсдын биеийн халууныг хэмжих, гар халдваргүйжүүлэх, зөвхөн амны хаалттай иргэнд үйлчлэх, ажлын байр, үйлчилгээний талбай, АТМ-ын товчлуур зэргийг ариутгаж халдваргүйжүүлж буй байдалд тандалт хийлээ.
Тандалтаар Баялаг Ундраа худалдааны төв, Барс хүнсний худалдааны захуудад нэвтэрч буй иргэдийн биеийн халууныг хэмжихгүй, гарыг халдваргүйжүүлэхгүй байгаагаас гадна иргэдийн бөөгнөрөл үүссэн, худалдаачид амны хаалтыг буруу зүүх зэрэг зөрчил илэрч байна. Мөн цэвэрлэгээ, ариутгал хийгдээгүй, иргэдийн хөдөлгөөн, бөөгнөрөлд ямар нэг зохицуулалтгүйгээр ажиллаж байна.
Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж буй эмийн сан, үүрэн телефоны үйлчилгээний цэгүүдэд иргэдийн биеийн халууныг хэмжихгүй, хүнснээс бусад төрлийн худалдаа эрхэлдэг зарим иргэдийг “тооллого хийх, засвар хийх” зэрэг шалтгаанаар ажиллуулж байлаа. Иймд тухайн байрыг түрээслэгчдэд халуун хэмжих, халдваргүйтгэл хийхийг нэгдсэн байдлаар зохицуулах, Засгийн газрын 178 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг анхааруулж, улсын ахлах байцаагчийн зөвлөмж хүргүүлж, зарим зөрчлийг газар дээр нь арилгууллаа. Худалдааны төвүүдэд коронавируст халдвараас урьдчилан сэргийлж иргэдийн хамгийн их гар хүрдэг хэсэг болох түрдэг тэрэг, сагсны бариул, хаалганы бариул, ПОС машины товчлуур, хурууны хээ уншуулах төхөөрөмж зэргийг тогтмол халдваргүйжүүлж, ажиллагсдыг амны хаалт, бээлийтэйгээр иргэдэд үйлчлэх, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хангамжид анхаарахыг мөн зөвлөлөө.
Тандалтаар эдгээр зөрчил хүнсний худалдааны төвүүдэд нийтлэг илэрч байгаа тул Хүнсний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, төвүүдэд ариутгал халдваргүйтгэлийн бодистой угаалга цэвэрлэгээг сайтар хийж иргэд, үйлчлүүлэгчдийг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Иргэд хүнсний худалдааны төв, АТМ зэргээр үйлчлүүлэхдээ амны хаалт, бээлий өмсөх, бохирдсон гадаргууд хүрсний дараа гараа савандаж угаах, зориулалтын уусмалаар халдваргүйжүүлж, хүн хооронд 1.5 метрээс багагүй зай барихыг зөвлөж байна.
Тандалт, хяналт шалгалт үргэлжилнэ.